Монголын ОҮИТБС-ын Ажлын хэсэг, ажлын албаны 2014 оны ажлын төлөвлөгөөний дагуу орон нутгийн түвшинд ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх, иргэдэд ил тод, нээлттэй мэдээлэх өдөрлөг зохион байгуулах зорилтын хүрээнд 11 сарын 11-14-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Орхон аймгийн Эрдэнэт хотод ажиллаа.
Удирдамжийн дагуу 11 сарын 12-ны өдөр Шарын гол суманд тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын ялангуяа хойд бүсийг эрчим хүчний нүүрсээр хангадаг Шарын гол ХК-ийн улсын болон орон нутгийн төсөвт төлж буй татвар төлбөр, нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөр, нөгөө талаас сумын хүлээн авч буй санхүүжилт, түүний зарцуулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн ажлууд зэрэг мэдээллийг иргэдэд мэдээлж, үдээс хойш тус суманд ОҮИТБС-ын салбар зөвлөл байгуулах асуудлыг хэлэлцэв.
Удаагаар 11 сарын 13, 14-ны өдрүүдэд Орхон аймагт ажиллахдаа Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга орон нутагт хэрэгжихийн ач холбогдол, ялангуяа олборлох үйлдвэрлэлд төр оролцон, улмаар хувь эзэмшиж буй бол төрийн өмчит компани ил тод байдлыг хэрэгжүүлэхэд манлайлж оролцох талаар санал солилцов. Түүнчлэн Орхон аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран иргэдэд нээлттэй мэдээлэх ОҮИТБС-ын өдөрлөгийг тус хотын Соёлын ордонд зохион байгуулж, өдөрлөгийн үйл ажиллагааг Орхон аймгийн телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагууд сурвалжилав.
Улаанбаатар хотоос Ашигт малтмалын газар, Татварын ерөнхий газар, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Алт үйлдвэрлэгчдийн холбоо, Төлсөн авснаа нийтэл иргэний нийгмийн эвсэл, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, ОҮИТБС-ын ажлын албаны төлөөлөл бүхий 10 баг бүрэлдхүүнтэй оролцов. Орон нутгаас нийт 130 гаруй төлөөлөл оролцжээ.
Шарын гол сумын ОҮИТБС-ын өдөрлөгийн зураг
Эрдэнэт хотын ОҮИТБС-ын өдөрлөгийн зураг
Монголын ОҮИТБС-ын ажлын алба