Н.БАЯРСАЙХАН: ТОМООХОН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙГ ИЛ ТОД БОЛГОНО

2 сарын 02, 2021
647
Н.БАЯРСАЙХАН: ТОМООХОН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙГ ИЛ ТОД БОЛГОНО

ТАН эвслийн тэргүүн Н.Баярсайхантай Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төслийн талаар ярилцлаа. Тэрээр Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын үндэсний зөвлөлийн иргэний нийгмийн төлөөлөгч юм.

-Ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд ямар нэгэн байдлаар Засгийн газар, орон нутагт өгсөн хандив тусламжаа ил тод болгож байгаа нь Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын нэг томоохон амжилт. Гэхдээ иргэний нийгмийн зүгээс өгсөн авснаа зөрүүтэй мэдээлдэг байдлыг юу гэж харж байгаа вэ?

Манай үндэсний зөвлөлд УБЕГ, АТГ байдаг хэрнээ энэ ил тод байдалд ямар үүрэг рольтой ойлголгүй долоон  жил болж байна. Уг нь өгсөн авсан тоо зөрүүтэй байвал түүний араас шалгах ёстой шүү дээ. Гэтэл тэгдэггүй. Тийм учраас бид эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төсөлдөө эрх үүргийг нь зааж өгсөн. Гэхдээ энэ хуулийг батлахад ашиг сонирхлын олон зөрчлийг туулах байх.

-Шинэ хуулиар ил тод байдлыг зөвхөн тайлагнаад өнгөрөн биш, ямар нэгэн үр дүн гаргахад чиглүүлэх болов уу. Ил тод байсны дараагийн алхам юу вэ?

Өнгөрсөн оны Сиднейн бага хурлаар гишүүн орнуудад долоон зүйлийг ил тод болгохыг стандарчилсаны дагуу явна. Нэгдүгээрт компаниудын нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийг ил тод болгох. Компанийг нь цохох биш, хүнтэй нь хариуцлага тооцох хэрэгтэй. Хоёрдугаарт тусгай зөвшөөрлийг ил тод болгох. Одоо төр ашигт малтмалын шинэ хуулиар гарахаар хайгуулын лицензтэй компаниудыг зарлана гэж байгаа. Тэгвэл шинэ хуулийн төслөөр олон зүйлийг ил болгоно.

Тухайлбал орон нутагт хайгуулын лиценз авах өргөдөл хүсэлт ирүүлсэн мэдээллийг аймаг, суманд 60 хоногийн дотор хариу ирүүлдэг болгоно. Өнөөгийн хуулиар бол 30 хоногийн дотор орон нутгаас хариу ирээгүй бол зөвшөөрсөнд тооцно гээд Ашигт малтмалын газар зөвшөөрөл өгдгийг хална гэсэн үг. Ингэснээр хэн ямар шийдвэр, яаж гаргаж байна, олон нийтээр хэлэлцүүлж байна уу гэдэг нь бүгд харагдана.

-Өмнөх долоон жилийн ил тод тайлагналаас дутагдалтай зүйл юу байсан бэ?

Оносон, алдсан зүйл бий. Шинэ хуулиар бид өөрсдийнхөө ажлыг үнэлж хянана. Долоон жилийн хугацаанд юуг нь ил болгож чадав, юуг нь чадсангүй вэ гэдгээ үнэлнэ.

Түүнчлэн лиценз бүрээр, төсөл бүрээр тайлагнах асуудлыг тусгасан. Жишээ нь Гацуурт ХХК нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Гацуурт, Билүүт, Нарст, Ялбаг, Дархан уул аймгийн Шарын гол сумын Хүйтний ам, Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт суманд Зүүн Сөдөтийн аманд алт олборлолтын үйлдвэрлэл явуулж ирсэн.

Гацуурт компани уул уурхай, аялал  жуулчлал гээд олон салбарт үйл ажиллагаа явуулдаг. Олборлох үйлдвэрлэлийн тайлан явуулахдаа тэдгээр салбаруудаа нэгтгэсэн байдлаар орлого, зарлага, татвараа тайлагнаж байгаа нь учир дутагдалтай. Тийм учраас зөвхөн олборлох салбарт ямар байсан гэдгийг нь салгаж авч, тайлагнуулна.

-Төлсөн татвар, орлого, хандив ил болж байгаа. Үүнийг орон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагынхан хэр ашиглаж, бодит ажил, шаардлага болгож байна?

Ил тод тайлагнал нь яг үнэн чанартаа орон нутгийн иргэдэд зориулагдаж байгаа. Манай суманд энэ уул уурхайн компани юу өгсөн юм, баялгаас хэдий хэмжээний ашиг олж байна гэдэг нь ил тод болохоор иргэдээрээ хэлэлцэж, аливаа шийдвэрээ гаргаж байх нь маш чухал хэрэгтэй. Ингэснээр олон талын оролцоотой ажлын хэсгүүд байгуулагдана.

-Ил тод болгоно гээд тайлан аваад л байдаг олон нийтэд хүргэхгүй байгаад ямар дүгнэлт хийдэг вэ. Энэ байдлаа өөрчлөх үү?

Мэдээллийг ил тод болгон олон нийтэд хүргэх нь бидний гол зорилт байгаа. Үүнийг хуульчлах шаардлагатай.

Зөвхөн тайлан гаргаад хадгалаад байдаг тэрийг нь яам ч мэдэхгүй, бодлого тодорхойлогчид шийдвэр гаргахдаа ашиглахгүй бол ямар нэмэр байх вэ. Тиймээс дээд түвшиндээ бодлого гаргагчид ашигладаг болгох хэрэгтэй байгаа юм. Доод талдаа иргэд мэдээллийг авч орон нутгаараа хэлэлцэх, шийдвэр гаргах, уул уурхайд хариуцлагатай байдлыг бий болгоход түлхэц үзүүлнэ.

Усны төлбөр гээд 100,000 төгрөг аваад байдаг, яг үнэндээ 200,000 төгрөгний ус хэрэглэсэн юм уу гэдгийг мэдэж чаддаггүй. Иргэдийн хурал, засаг дарга нар зайлшгүй анализ хийх ёстой. Төсвийн тухай хуулийн 25-р зүйлд соёл, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр хандив авч болно гэж заасан. Гэтэл соёлын арга хэмжээ гэдгийг дэндүү өргөн хүрээтэй ойлгодог.

Юу болсон гээд тодруултал наадмын талбай дээр бэлнээр мөнгө авсан болж таарсан.

Бид нэг аймгийн хурал дээр иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, орон нутагт авсан хандивын мэдээллийг авсан засаг дарга, өгсөн компаниар хоёр зэрэг танилцуулахад 500,000 төгрөг дутсан. Юу болсон гээд тодруултал наадмын талбай дээр бэлнээр мөнгө авсан болж таарсан. Энэ мэтчилэн ард иргэдэд олон зүйлийг ил тод, ойлгомжтой болгох хэрэгтэй.

-Энэ талаар хуулинд тусгасан уу?

Хараахан тусгаж амжаагүй. Гэхдээ ирээдүйд тийшээ чиглэх байх. Ил тод байдын тайланд олборлох үйлдвэрлэл гэхээр ашигт малтмал хайх эрэх орчихоод газрын тосны асуудал орхигдоод байгаа учраас бүгдийг нь ил тод болгоно гэсэн шаардлага тавигдаж байгаа. Дараа нь компаниас өгсөн мэдээлэл олон улсын санхүүгийн стандартад тавигддаг шаардлагыг биелүүлсэн байх ёстой. Гэтэл компаниудыг харахаар санхүүдээ нэг орон алдчихжээ гэх зэргээр тайлбарлаад байдаг.

Сиднейн бага хурлаас өгсөн чиглэлээр ил тод мэдээллийг олон нийтээр хэлэлцүүлнэ гэж стандартчилсан. Ийм бололцоог олгох ёстой. Хамгийн сүүлийн шаардлага нь Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал хэр байсан гэдгийг үнэлж, шалга гэсэн стандартыг тавьж байгаа.

-Өмнөх долоон удаагийн тайлангаас ямар зүйл ажиглагдаж байна вэ?

1800 компани лиценз эзэмшиж байгаа. Бараг ихэнхи нь тайлан гаргадаг. Бидний аудит хийх хөрөнгө бага учир 50 саяас дээш гээд босго тавиад 250 компаний мэдээлэл дээр ажилладаг.

Тийм учраас аудит хийхдээ компаниудыг түүвэрлэхдээ арай өөр байдлаар хийх хэрэгтэй байгаа. Зөвхөн жоншны 10-ыг нь жагсаагаад, нүүрсний 10 гэх байдлаар авч үзэж болно. Одоо бол үндэсний компаниуд гадны компаниудтай консорциум байгуулж ороод аудитладаг. Тиймээс үндэсний компаниуд чадвартай болсон учир монгол компаниудаараа хийлгэхээр болж байгаа. Ингэвэл олон компанийг хамруулж болохоор байгаа.

-Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хууль батлагдахад хэцүү гэж сонссон. Гэхдээ маш чухал ач холбогдолтой биз дээ?

Нийгмийн бүлгүүд рүү, олон нийт рүү хандсан сурталчилгаа, мессеж, мэдээллийг явуулах хэрэгтэй байгаа юм. Ил тод болгож байгаагаас ч их мөнгө уул уурхайн салбарт орж байгаа шүү дээ. Долоон жилийн тоо юуг хэлж байна вэ гэдгийг бодохоор өгөгдлийн уурхай үүсгэсэн. Уул уурхайн салбарт 3 их наяд төгрөг татвар төлдөг гэтэл 10 компани нь бүрдүүлдэг. Үлдсэн 1790 компани яасан юм бэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Ийм олон компани ажиллах хэрэг байна уу, бүгд газар сэндийчих хэрэг байгаа юу гэдгийг бодолцмоор. Энэ үр дүнг бодит байдлыг харсан ч маш хэрэгтэй хууль байгаа учраас батлагдах ёстой.

Ярилцсанд баярлалаа.

 

Эх сурвалж: www.vip76.mn сайт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Холбоотой мэдээлэл

Харилцагч түншүүд